Sunday, February 25, 2018

Хөхөө Намжил дуурь

УДБЭТ-ыг найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдсөн Л. Мөрдоржийн "Хөхөө Намжил" 5 үзэгдэлт дуурийг үзэж сонирхлоо.  Удирдаач Ц. Мөнхболд /МУУГЗ/, найруулагч А. Дашпэлжээ /МУАЖ/, зураач Г. Ганбаатар /МУУГЗ/ нар ажиллаж гол дүрүүдэд:
Хөхөө Намжил М. Даваадорж
Уянга                 Б. Энхнаран /СТА/
Алтайн дагина  Ж. Энхмаа
Галдан               Б. Шинэбаяр
Түшмэл              Э. Бумхүү /СТА/
Хувилгаан         О. Хүрэлбаатар /СТА/
Их хатан            Б. Эрдэнэтуяа /МУГЖ/
Дуганч               Г. Шижирболд /СТА/ нар дууллаа.

Монголын дуурь болохоор орчин нөхцөл, тайз засал зэрэг нь сэтгэлд ойр, үлгэрийг хэрхэн тайзан дээр амилуулж болохыг харуулсан маш сайхан санагдлаа. Дөрөө, шагайгаар суудал зассан нь өвөрмөц сонин шийдэл санагдсан.
Гадаад дуурь үзэхэд бид хэлийг нь ойлгохгүйгээс дутуу ойлгодог байх. Харин монгол хэл дээрээ сонсох нь сэтгэлд ойр байсан.
ДБЭТ-т 20 гаруй монгол дуурь тавигдсан байна. Бүгдийг нь үзэх зорилго тавилаа.





Wednesday, February 21, 2018

Баяр хөөр дүүрэн балчир нас


Сүүлийн үед хүүхдийг хүмүүжүүлэх Монтессори арга ухаан гэж их сонсогддог болсон.
Монгол дах Монтессори холбооны үүсгэн байгуулагч, тэргүүн Цүкүба их сургуульд нэгэн үе хамт суралцаж байсан найз Н. Цолмон маань энэ номыг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргажээ. Мөн Монголд анх удаа Монтессори багш бэлтгэх сургалтыг явуулахаар завгүй ажиллаж байгаа юм байна.
Цолмондоо баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Найзынхаа номыг уншаад мундаг хүүхдүүд хүмүүжүүлнээ.

Tuesday, February 20, 2018

高橋研OB会 (OB kai)

Өнөөдөр Цүкүба их сургуулийн Эй сангаас нэг мэдээ хүлээн авлаа. Манай багш Такахаши Масафүми гуай энэ жилийн төгсөлтөө хийгээд гавъяаныхаа амралтанд гарах гэж байгаа гэнэ.
Тэгээд энэ оны 3 сарын 23 өдөр Такахаши багшийн үе үеийн төгсөгчдийн OB会 (OB kai) болно гэнэ.
Цүкүбагийн их сургуульд суралцаж төгссөн 2006-2009 он бол миний амьдралын хамгийн дурсгалтай сайхан мөчүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Манай багш үнэхээр намайг чирч явсаар л төгсгөсөн дөө. Муу сурдаг оюутан байлаа. Багшдаа үргэлж баярлаж явдаг.
OB会 (OB kai) гэх ойлголтын тухай тайлбарлавал, ОВ гэдэг нь Old boy буюу хөгшин хүү гэсэн утга 会 (kai) гэдэг нь уулзалт гэсэн утгыг илэрхийлдэг. Ерөнхийдөө бол хууччуудын уулзалт гэсэн үг. Японд сургуульд хамт суралцаж байсан, хамт ажиллаж байсан хүмүүс уулзаж ОБ кай хийх нь их байдаг. Нийгмийнх нь нэг соёл юм даа. Тэгээд нэг уулзсаных хоолонд ороод жоохон идэж, ууж байгаад караокэ ороод 二次会 (nijikai)、三次会 (sanjikai) гээд явж өгнө дөө. Япончууд маш зарчимч, албархуу юм шиг мөртлөө, ууж идээд явбал бүгд маш яриа хөөрөөтэй, хөгжиж чаддаг хүмүүс шүү.

Sunday, February 11, 2018

Ирээдүй байхгүй


Ойрын хэдэн өдөр ажлын мал шиг л ажиллалаа. Саяхандаа нэг сонссон үг одоо хүртэл бодогдоод энэ тухай блогтоо бичмээр санагдлаа. Энэ үг бол, ИРЭЭДҮЙ БАЙХГҮЙ.
Амны билэггүй муухай үг гэж битгий бодоорой. Энэ үгний гол санаа нь өчигдөр нэгэнт өнгөрсөн та буцааж чадахгүй, харин маргааш болох эсэхийг та мэдэхгүй тийм учраас өнөөдрөөрөө амьдар гэсэн үг гэж би ойлгож байгаа. Тэгэхдээ ирээдүй байхгүй юм чинь гээд маргаашийн төлөө өнөөдөр хийх зүйлээ орхих нь байж боломгүй зүйл. Харин өнөөдөрөөр амьдрахдаа маргааш ирнэ, нөгөөдөр ирнэ гэж найдаж, 5 жилийн дараах мөрөөдөл, 10 жилийн дараах мөрөөдөлөө биелүүлэхийн төлөө амьдрах нь чухал. 
Маргаашийн мөрөөдлийн төлөө өнөөдөр хийхийгээ хий, тэгэхдээ баяр баясал, амьдралын сайн сайхан бүхнийг хором ч алдалгүй, марталгүй, алгасалгүй, орхилгүй амьдрах хэрэгтэй.

"Өчигдрөөс суралцаж,
Өнөөдөрөөр амьдарч,
Маргаашийн төлөө найд"

Альберт Эйнштейн