Өвөрхангай аймгийн нутагт орших Хужирт рашаан сувилалд хэд хоног сайхан сувилуулж амарч байна. Уг сувилалыг 1939 онд ашиглалтанд оруулсан юм байна. Зоогийн газар нь нэг удаадаа 320 хүнд үйлчилдэг, зундаа оргил үедээ 3 ээлжээр хооллодог гэнэ. Сүүлийн үед сувилалын газар гэхээр хөгшин настай хүн ирдэг гэсэн ойлголт үгүй болжээ. Залуучууд, сургуулийн амралт таарсан болохоор хүүхдүүд, гэр бүлээрээ амарч байгаа амрагчид олон байна. Хужиртийн халуун рашаан, шавар нь үе мөчний өвчин, архаг ядаргаа, эмэгтэйчүүд зэрэг олон өвчинг эдгээж илааршуулдаг шидтэй юм байна. Үр тогтохгүй эмэгтэйчүүд энд ирж шавар тавиулж үр хүүхэдтэй болсон нь олон гэнэ. Ийм эмэгтэйчүүд 4 сар тутамдаа ирж шавар тавиулбал их сайн гэнэ. "Шаварны хүүхдүүд" их бий гэнэ шүү.
Хужирт рашаан сувилал, Элма хужирт, Ананд хужирт, Сэмжид хужирт гээд рашаан сувилалын газрууд рашаан, шавараа тойрон байрладаг юм байна.
Бие сэтгэлийн амгалан, рашаан ус, шаварандаа ороод чадвал жилдээ нэг ирээд амархад үнэхээр сайхан юм байна шүү.
Уг рашаан, шаварыг анх мэдэж нээсэн домгийг өгүүлбэл, Шунхлай нэртэй нутгийн өвгөн уулийн энгэрт алсын барааг ширтэн суухдаа хөлөн доголсон нэгэн буга шаварт зогсон байхыг ажиглажээ. 7 хоног орчим болсоны дараа буга эрүүл болсоныг харж рашааны ид шидийг мэдсэн юм байна.
Нутгийн олон Шунхлай өвгөний нэрээр хужиртийн хайрханыг нэрлэн, энгэрт нь Шунхдлай өвгөн алсыг ширтэн суугаа хөшөө, Шунхлай хайрханы дээр Буган хөшөө босгосон байна.
Рашаанд ирсэн хүн доорхи үгийг хэлэн, өвчинөө илааршуулахыг гуйж рашаан, шавартаа орж эхэлдэг гэнэ.
Зэ, Алс газраас зүдэж ирлээ
Агт морин эцэж ирлээ
Рашаан хүртэхээр зорьж ирлээ
Шаварт орохоор хүсч ирлээ
Өвчин эмгэгт минь эм болж хайрла аа!
Үжирсэн биеийг минь эдгээн засаж хайрла аа!